Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 9 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Моносын ажилтнууд болон Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний ажилчид байсныг онцолж байна. Хүн ам дундаас ийнхүү халдвар илэрсээр байгаа нь тайвшрах болоогүй гэдгийг дахин санууллаа. Халдварын нөхцөл байдлын мэдээллээс хүргэе.

Ковид-19 халдварын өвчлөл өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 35 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 9,125 хүнд шинжилгээ хийхэд 9 хүнээс Ковид-19 халдвар илэрлээ. Дээрх 9 хүний дөрөв нь Моносын 25-р эмийн санд батлагдсан тохиолдлын  ойрын хавьтлууд байна. Тодруулбал, гэр бүлийн хоёр иргэн халдвар авсан бол тус эмийн санд засвар хийж байсан хоёр ажилтан  халдвар авчээ. Монос эмийн сангаас батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 17 иргэнийг тусгаарласан байна. Мөн БЗД-ийн тохижилт үйлчилгээний газрын гурван ажилтнаас халдвар илэрчээ.

Өнөөдөр Ковид-19 халдварын 9 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын халдвар 1025 боллоо. Үүнээс нийслэл хотод голомтлон гарч байгаа өвчлөлүүдээс 699 хүн халдвар авсан байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1,194 хүн байгаа бол хоёр дахь хавьтлын 2,666 хүн ажиглалтад байна.  Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Улсын хэмжээнд гарсан халдварын нийт тохиолдол 1,525 болсноос 967 хүн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 548 хүн эмчлүүлж байгаа бол Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Ковид-19 халдвартай 5 хүн эмчлүүлж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД