А. АМБАСЭЛМАА: “МӨНХХАДА”, “ТЭНҮҮН ОГОО”, БГД-ИЙН ОРЦНЫ ГОЛОМТУУД ИДЭВХТЭЙ БАЙНА

Монгол Улсад цар тахлын вирус тархаад 2 сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд аймгуудад үүсээд байсан томоохон голомтуудыг амжилттай хумьж чадсан. Харин нийслэл хотод сүүлд үүссэн БЗД-ийн эмнэлгээс өмнөх голомтыг мөн амжилттай хумьсан болохыг албаны хүн хэлж байна. БЗД-ийн эмнэлгийн хувьд олон ажилтан, үйлчлүүлэгчтэй том эмнэлэг. Гэсэн ч нэг сар орчмын хугацаанд голомтын тархалтыг бууруулж, хяналтандаа авсан гэдгийг Амбасэлмаа дарга онцоллоо.

Үүнээс гадна Ачтан эмнэлэгт бас нэг томоохон голомт үүссэн. Энэ голомттой холбоотой эмнэлгийн ажилтан 21, гэр бүлийн болон бусад хавьтлаас 26 халдвар илэрсэн. Ийнхүү нийт Ачтан эмнэлгээс 47 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Гэсэн энэ голомттой холбоотой халдвар намжаагүй үргэлжилж байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ажилчдаас гадна ойрын хавьтлуудын гэр бүлийн гишүүдэд тархсан гинжин хэлхээт халдвар үргэлжилж байгаа гэлээ.

Харин ХСҮТ-д үүссэн голомт хяналтанд орж байгааг  хэлж байна. Энэ голомтоос эмнэлгийн ажилтан 5, тэдгээрийн гэр бүл 12 гээд нийт 17 хүн халдварт өртсөн байна. Харин энэ голомтоос үүдэлтэй гэр бүлийн хавьтал гээд үргэлжилсэн халдвар ойрын нэг долоо хоногт бүртгэгдээгүй хэмээн тайлбарласан юм.