Тавдугаар сар гэхэд Улаанбаатар хотын 1,1 сая иргэнийг вакцинжуулж дуусна

Эрүүл мэнд

Монгол Улс энэ оны тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байгаа талаар УОК мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор "Covid-19" дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Нийслэлд дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын 40 цэгт 90 багийн 650 ажилтан 11181 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19 эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 323690 хүнийг дархлаажуулаад байгаа юм.  

Засгийн газраас энэ сард багтаан 1.1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” зэрэг вакциныг зөвшөөрсөн. Одоогоор 490 мянган хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг явуулж байна. Энэ сард 900 мянган тун “Вероселл” вакцин, нэг сая тун Спутник-V, 400 мянган тун “АстраЗенека” вакцин татан авах юм. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакцин авахаас 40 мянган хүн тунг нь аваад байгаа юм. Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид, дараа нь үйлчилгээний байгууллагуудын ажиллагсад, өндөр настнууд болон архаг, суурь өвчтэй иргэд гэх мэтээр шат дарааллын төлөвлөгөөний дагуу дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.