АНУ-ын нийслэлд болсон эмх замбараагүй байдал, үймээн самууны улмаас олон нийтийн цахим ертөнцөд ерөнхийлөгч Трампын твиттер болон фейсбүүк хаягийг түр хугацаагаар хаах арга хэмжээ авсан байна. Фейсбүүк компани, мөн араас нь Твиттерын удирдлагууд Цагаан ордны тэргүүнийг олон нийтийн цахим хуудсыг ашиглах дүрэм журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Трампын цахим хаягийг түр хугацаагаар хаажээ. 

Энэ талаар Фейсбүүк болон Твиттер компаниас гаргасан албаны мэдэгдэлд дурьджээ. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп Капитолийн гүвээн дээр жагсаал цуглаан хийж байсан олон нийтэд хандан өнгөрсөн сонгуулиар түүний авсан саналыг хулгайлж, өнөөдөр Ардчилсан намынхан хууль бусаар сонгогдсон ерөнхийлөгч Жо Байденыг батламжлан, сонгуулийн дүнг зарлаж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Улмаар нөхцөл байдал муугаар эргэсний дараагаар ерөнхийлөгч Трамп өөрийн дэмжигчдэд хандан тайван байдлаа хадгалж, гэр гэртээ харихыг уриалжээ. Гэсэн ч түүний энэ уриалга хэдийнэ хоцорч, Капитолийн гүвээн дээр олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж, Трампыг дэмжигчид Конгрессын ордон руу нэвтрэн халджээ.

Энэ явдлын дараагаар Твиттер ерөнхийлөгч Трампын гурван видео бичлэгийг устгаж, Фейсбүүк мөн Трампын видео мэдэгдлийг хаажээ. Фейсбүүк компанийн энэ талаарх мэдэгдэлд: -Бидний үзэж байгаагаар ерөнхийлөгч Трампын хуудсанд дүрэм журам зөрчсөн хоёр удаагийн үйлдэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс ерөнхийлөгчийн аккаунтыг 24 цагийн хугацаагаар идэвхигүй болгосон гэжээ. Тэгвэл Твиттер мөн Цагаан ордны тэргүүний албан ёсны хуудсыг 12 цагийн хугацаатай хааж байгаагаа мэдэгджээ. Хэрвээ цаашид твиттер хуудсын дүрмийг зөрчсөн үйлдэл давтагдвал Трампын хаягийг бүрмөсөн хаахыг ч үгүйсгээгүй байна.