Улсын хэмжээнд ажиллаж байгаа лабораториудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,200 хүнд PCR шинжилгээ хийжээ. Улмаар Ковид-19 халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдсэний нэг нь Голомт банкны ажилтан байна.

Тиймээс БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа. Шинээр бүртгэгдсэн 13 тохиолдлын 10 нь Ачтан эмнэлгийн эмч ажилтнууд болоод тэдний гэр бүлийн хүмүүс байгаа юм.

БЗД-ИЙН КИНО ҮЙЛДВЭРИЙН ДЭРГЭДЭХ “ГОЛОМТ БАНК”-ААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХЭРЭГТЭЙ

Мөн БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай орц дамжсан халдвараас хоёр иргэн өвчилжээ.

АЧТАН ЭМНЭЛГИЙН ГОЛОМТООС 26 ТОХИОЛДОЛ БАТЛАГДСАНЫ 20 НЬ ЭМЧ, АЖИЛТНУУД БАЙНА

Ачтан эмнэлгээс голомтлон гарч байгаа халдвар өнөөдөр 10-аар нэмэгдсэнээр уг голомтоос нийт 26 хүн өвчлөөд байна. Өвчилсөн иргэдийн 20 нь эмч эмнэлгийн ажилтан байгаа бол 6 нь тэдний гэр бүлийн хүмүүс гэлээ. Тиймээс Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд идэвхитэй хамрагдахыг санууллаа.

Шинээр 13 тохиолдол нэмэгдсэнээр улсын хэмжээнд ковид-19 халдварын батлагдсан тохиолдол 1,362 боллоо. Үүнээс дотоодын халдвар буюу кластер өвчлөл 866 бол, эдгэрсэн 889, эмчлүүлж байгаа 462 иргэн байна. Эмчлүүлж байгаа иргэдээс гурван хүний биеийн байдал маш хүнд, 11 хүний биеийн байдал хүнд байгааг хэллээ.