Худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-22:00 цагаар тогтоолоо

Нийгэм
УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ны 06:00 цаг хүртэл сунгасан.

Иргэд, олон нийтээс авсан санал, хүсэлтийн дагуу хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоолоо.

Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд (эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) бүрэн хязгаарлаж, хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг үүсгэхгүй байх, хариу арга хэмжээ авах. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг "Халдварын эсрэг хамтдаа" уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт шалгалтыг батлагдсан удирдамж, шийдвэрийн дагуу шуурхай зохион байгуулж, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгасан байна.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтэрнэ. Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай) тээвэрлэгчдийг 2021 оны гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавин ажиллах юм.

Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, бусад албан хаагчид болон 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг цахимаар ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС