Эрх баригч Монгол Ардын нам Улсын их хурлын гишүүн Оюун-Эрдэнийг 32 дахь Ерөнхий сайдаар ажиллуулахаар болж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Одоо төрийн тэргүүн Ерөнхий сайдын нэрийг Их хуралд өргөн барьж, парламент Ерөнхий сайдыг үүрэгт ажилд нь томилох юм. Засгийн газар эмхлэн байгуулагдах энэ үйл явц ирэх Даваа гарагт болно гэдгийг Улсын их хурлын дарга Занданшатар хэллээ. Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа танхимдаа ажиллах сайд нарын нэрсийг нэгдсэн чуулганд танилцуулах юм.
Ковид-19 халдвартай гэх шалтгаанаар дөнгөж төрсөн эх нярайд хүнлэг бус хандсан асуудалд МУ-ын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа хариуцлага хүлээх ёстой гэх шийдвэр гаргасан. Тэрээр ууган намын даргын хувьд дараагийн Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын даргын албыг хашиж байсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг намын удирдах зөвлөлдөө санал болгосон.
Улмаар шинэ Ерөнхий сайдыг МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд дэмжиж намын бага хурал цахимаар хуралдан нийт гишүүдийн олонхи дэмжээд байгаа юм. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн бол
Ирэх Даваа гарагт УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлалаа. Чуулганы хуралдаанаар шинэ Ерөнхий сайдыг томилохоор боллоо.
Шинэ Ерөнхий сайдыг ирэх Даваа гарагт томилохоор төлөвлөж байгаа бол засгийн газрын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх учиртай. Тэгвэл зарим их сурвалжуудын хэлж байгаагаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилохоор ярьж байгаа бол МУ-ын Шадар сайд, УОК-ын даргаар Ж.Энхбаярыг томилохоор зөвшилцөж байгаа гэлээ. Харин Шадар сайд асан Я.Содбаатар намын ерөнхий нарийн бичгийн дарга болохоор яригдаж байгааг эх сурвалж тодотголоо. Үүнээс гадна шинэ засгийн газарт өмнөх засгийн газрын сайд нарын 50-иас 60 хувь нь дахин ажиллах магадлалтайг МАН-ын бүлгийн дарга онцолсон. Цар тахлын хүнд үед Эрүүл мэндийн сайдаар хэн ажиллах нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэгвэл эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн Чинбүрэн, сайд асан Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн П.Анужин тэргүүтэй хүмүүс яригдаж байна хэмээн цахим орчинд бичиж байгаа. Харин УИХ-ын гишүүн П.Анужингийн тухайд тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Ийнхүү олон нийтийн дунд таамаг төдий байгаа шинэ засгийн газрын бүрэлдэхүүн ирэх долооо хоногт тодорхой болохоор байна.