Өнөөдрөөс үсчин, гоо сайхан, барааны дэлгүүрүүд ажиллаж байгаа. Тэгвэл хүний үсийг халуун сэнсээр үлээх явцад Ковид-19 халдвар тухайн орчинд тархах эрсдэл эрс нэмэгддэг гэдгийг ЭМЯ-наас санууллаа.
Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттай нээх хүрээнд өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж хэвийн горимд шилжүүлэх засаг даргын захирамж гарсан. Тэгвэл хүний үсийг халуун сэнсээр үлээлгэн хатаах явцад Ковид-19 халдвар хуурай орчинд тоосонцорт хөөрч тархах магадлал эрс нэмэгддэг гэдгийг ЭМЯ-наас санууллаа. Тиймээс үсчний газраас үйлчлүүлж байгаа иргэд хамгаалах бээлий, амны хаалтаа сайтар зүүж, харин үйлчилж байгаа үсчин давхар хаалт хэрэглэхийг зөвлөлөө.
Дан ганц үсчний газар гэлтгүй гоо сайхны газарт ч халдвар тархах өндөр эрсдэлтэйг санууллаа. Гоо сайханч болоод үйлчлүүлж байгаа иргэд ойрын зайнаас харьцдаг тул халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцоллоо. Тиймээс үсчин гоо сайхан, барааны захуудаар үйлчлүүлэх иргэд болоод үйлчилгээний газрын хүмүүс ч халдвар хамгааллаа сайтар баримтлах хэрэгтэйг санууллаа.