Гадны улс орнуудын цагаач дүрвэгсэд АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байденд баяр хүргэж, түүний Ерөнхийлөгчийн хувиар Цагаан ордонд ажилласан эхний өдрөө гаргасан тушаал шийдвэрүүд цагаач иргэдэд “Америк мөрөөдлөө” биелүүлэх боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна.

Байдены анхны ажлын өдөр ихэд завгүй үргэлжилж, тэрээр эхний өдөр нийт 15 зарлигт гарын үсэг зуржээ. Тэр дундаа экс ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан хэд хэдэн шийдвэрийг цуцалсны дотор хөрш зэргэлдээх Мексик улстай залгаа хилийн дагуу хамгаалалтын хана барих ажлыг зогсоож, хилийн бүсэд тогтоогоод байсан онц байдлыг цуцалжээ. Хана барих ажил сүүлийн жилийн туршид үргэлжилж, 800 км урт хамгаалалтын хана барихаар төлөвлөснөөс 727 км-ийг нь бариад байгаа юм.

Түүнчлэн Трампын үед Иран, Сири, Йемен, Сомали, Ирак зэрэг Ойрхи Дорнодын бүсийн улс орнуудыг иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглон хязгаарласан 2017 онд баталсан шийдвэрийг Байден мөн цуцалсан байна.