БНХАУ, АНУ-ын нэр бүхий 28 иргэний эсрэг хориг тогтоож, жагсаалтад багтсан хүмүүсийг эх газрын Хятад, Хонконг, Макаогийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хориглосны зэрэгцээ мөн ямар нэгэн байдлаар нутаг оронд нь үйл ажиллагаа, бизнес явуулахыг хориглосон байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Америкийн 28 иргэн, тэр дундаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Майк Помпеогийн эсрэг хориг тогтоох шийдвэр гаргасан байна. Хятадын талын үзэж байгаагаар эдгээр нэр бүхий хүмүүс нь Хятад орны тусгаар байдалд заналхийлж, Хятадын эсрэг үзэл баримтлал барьж байжээ.

28 хүний нэрс бүхий жагсаалтад түүнчлэн Трампын үед Цагаан ордны дэргэдэх Худалдааны асуудлаарх Үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро, Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Роберт О’Брайн, НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафт, Эрүүл мэндийн сайд асан Алекс Азар болон Трампын засгийн газарт Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Жон Болтон зэрэг хүмүүсийн нэрс багтжээ.

Хоригт багтаж, жагсаалтад нэр нь орсон хүмүүс болон тэдний ар гэрийнхэн, холбогдолтой хүмүүст, эрхэлдэг үйл ажиллагаатай нь холбоотой пүүс компаниудад ч мөн хориг хамааралтай байх гэнэ.