Өнөө шөнө болон маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Цаг агаар

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2022 оны 11-р сарын 24-ний 20 цагаас 11-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгороор -34...-39 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -29...-34 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, бусад нутгаар -18...-23 градус, өдөртөө Дархадын хотгороор -23...-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 27-ноос хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -31...-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.