Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 58 байршилд 20 гаруй удаа тендер зарлагджээ 

Нийгэм

Нийслэлд ашиглалтаас гарсан 58 барилга байна. Мэргэжлийн байгууллагаас нурах аюултай гэж үзсэн ч эдгээр байшинд өнөөдрийг хүртэл хүн амьдарсаар байгаа юм. Барилгыг нурааж, шинэ байшин барих тендер зарласан ч ашиггүй байрлалтай гэж үзэн нэг ч компани ирээгүй байна.    

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг дахин төлөвлөх ажил үргэлжилж байна. Ажил нь хэрэгжээд амжилттай үргэлжилж байгаа байршил олон бий. Харин эдгээрийн дотор 20 гаруй удаа тендер зарласан ч компани сонгоогүй барилга ч байгаа юм.

Одоогоор 58 байршилд 20 гаруй удаагийн дахин төлөвлөлтийн тендер зарлаад байна. 

Тухайлбал БГД-ийн 20 хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 7 блок барилга бий. Эдгээр барилгад өнөөдрийг хүртэл оршин суугчид амьдарсаар байгаа юм. Энэ мэт 58 байршил эдийн засгийн үр ашиггүй гэх шалтгаанаар царцсан хэвээр байна. 

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 58 барилгад амьдарч байгаа 1600 гаруй өрхийн 6000 гаруй иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, барилгыг буулган шинээр барих ажлыг цаг алдалгүй зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.