Наадмын амралтын өдрүүдийг ашиглан зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, шонгийн тагжуулалт хийх, кабель шугамуудыг цэгцлэх, хазайсан шонг тэгшлэх, осол аваарын улмаас унасан гэрлийн шонгуудыг нөхөн сэргээх, шинээр босгох зэрэг ажлуудыг хийхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс нийслэлийн нутаг дэвгэрийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэг өгсөн. Үүний дагуу Хотын Инженерийн байгууламжийн хэлтсээс нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн асалт, үйлчилгээнд шалгалт явуулсныг Хотын Ерөнхий менежерт танилцуулан ашиглагч 14 байгууллагын удирдлагыг цуглуулж хуралджээ. Хурлаар зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, шонгийн тагжуулалт хийх, кабель шугамуудыг цэгцлэх, хазайсан шонг тэгшлэх, осол аваарын улмаас унасан гэрлийн шонгуудыг нөхөн сэргээх, шинээр босгох зэрэг ажлуудыг долдугаар сарын 20-ны дотор хийж танилцуулах үүрэг өглөө.