Маргаашаас фитнесс, кофе шоп зэргийн үйл ажиллагааг нээнэ

Нийгэм

Тавдугаар сарын 22-ноос зочид буудал, амралт сувиллын газрууд болон хоол үйлчилгээний газрууд, саун зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ. Мөн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээх хугацааг 5-р сарын 22-ны өдөр байхаар төлөвлөсөн бөгөөд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Амралт сувиллын газрууд зөвхөн гэр бүлийн хүрээнд амрагчдаа хүлээн авах бол хоол үйлчилгээний газрууд 50 хувийн дүүргэлтээр танхимаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгөөг гаргаажээ. Өнөөдрийн байдлаар 18 салбарын үйл ажиллагааг хязгаарласан байгаа. Харин маргаашаас эхлэн 10 хүртэл хүнтэй танхимын сургалт, фитнесс, кофе шоп зэрэг дөрвөн төрлийн үйл ажиллагааг дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан буюу хоёр тун вакцинаа хийлгэж гэрчилгээгээ авсан хүмүүст үйлчлэх боломжийг нээхээр боллоо. Кофе шопын хувьд танхимаар үйлчлэхдээ дүүргэлтийг 50 хувьд барьж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллахаар болж байна.