Жефф Безосын баг сансрын уудмыг зориход бэлэн

Технологи-360

Дэлхийн тэргүүн баячуудын нэг, Amazon компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос өөрийн Blue Origin компанид бүтээсэн Нью Шепард сансрын хөлгөөр өнөөдөр сансрын уудмыг зорих гэж байна. Түүний сансрын аялал ойролцоогоор 11 минут үргэлжилж улмаар эргэн газардах юм.

Жефф Безос өөрийн компанид бүтээсэн хөлгөөр 7-р сарын 20-нд сансрын уудмыг зорих гэж байгаагаа сар гаруйн өмнө мэдэгдэж, түүнтэй хамт нисэх багаа бүрдүүлж эхэлсэн юм. Сансрын нам өндөрт нислэг үйлдэх анхны жолоодлоготой сансрын хөлгөөр сансрын уудамд зорчих хүсэлтэй хүмүүсийг бүртгэж, тасалбарыг нь дуудлага худалдаагаар оруулсан. Тэгвэл Нью Шепард хөлгөөр Жефф Безостой хамт түүний дүү Марк Безос, сансрын нислэгийн анхны эмэгтэй зааварлагч, 82 настай Уолли Фанк болон 18 настай Голландын оюутан Оливье Деймен нарын 4 хүнтэй баг сансрын уудмыг зорих нь ээ. 57 настай тэрбумтан хөлгөө биечлэн жолоодож, турших болно гэдгээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлж байсан. Blue Origin компанийн сансрын хөлгөөр дэлхийн гадаргуугаас дээш 100 км-ийн нам өндөрт нислэг хийж, бичил таталцлыг мэдрэн, улмаар 6 суудалтай капсул эх дэлхийдээ шүхрээр эргэн буух юм. Энэ аялал ойролцоогоор 11 минут үргэлжлэх гэнэ. Хэрвээ нислэг амжилттай болбол 200 тэрбумын хөрөнгөтэй Безос өөрийн сансрын хөлгөөр сансрын уудамд аялсан “анхны сансрын тэрбумтан” болох юм.