Японы засгийн газар цар тахалтай холбоотой онцгой байдлын журмаа чангатгаж, хөл хорионы дэглэмийг дахин нэвтрүүлж болзошгүй талаар мэдээлж байна. Японы нийслэл Токио болон Осака хотуудад сүүлийн хэд хоногт цар тахлын халдварын тохиолдол эргээд нэмэгджээ.
Токио хотын захирагч Коике Юрико мөн улсынхаа төв засгийн газарт хандан цар тахлын дэгдэлт дахин эрчимжиж байгаагаас хөл хорио тогтоох зөвшөөрөл хүсэх бодолтой байна. Японы нийслэлд лхагва гарагт коронавирусний 800 шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийтдээ Япон орон даяар лхагва гарагийн байдлаар 5,200 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 3 сарын хугацаанд хоногт 5 мянгаас дээш халдварын тохиолдол илэрсэн анхны үзүүлэлт болжээ.