Улаанбуудайн ургац хураалт 80 хувьтай үргэлжилж байна

Нийгэм

Манай улс 380 гаруй мянган га-д улаанбуудай тариалаад байгаа. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 80 гаруй хувьтай үргэлжилж байгааг салбар яамнаас мэдээллээ. Газар тариалангийн бүс нутгаар цас орж, цаг агаар хүйтэрсэн ч ургац хураалтын ажил хэвийн үргэлжилж байна. Ургац хураалтад 10 гаруй мянган сайн дурын ажилтан ажиллаж байна.

Манай улс энэ жил 389 мянган га улаанбуудай, төмс хүнсний ногоог 30 мянган га-д, тэжээлийн болон тосны ургамал 200 орчим мянган га-д тариалсан. Өнөөдрийн байдлаар Улаанбуудайн ургац хураалт 80 хувь, төмс хүнсний ногоо 90, тэжээлийн ургамалын ургац хураалт 40 орчим хувьтай үргэлжилж байгааг салбар яамнаас мэдээллээ.

Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн  тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой байгаа юм.  

Сүүлийн өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар эрс хүйтэрч, цас орсон нь ургац хураалт удаашрах, ургац алдах нөхцөл үүсэх эрсдэлтэй байгааг газрын дарга хэлж байна.

Өнөөдрийн байдлаар 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжсэн, 5.3 мянган га талбай ургац ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртжээ.