Нигерийн иргэд зэвсэгт дайчдын барьцаанаас зугтжээ

Үйл явдал

Нигерийн зүүн хойд хэсэгт жихадын зэвсэгт дайчдын барьцаанд орсон эмэгтэйчүүд хүүхдүүд барьцаанаас өөрсдийн хүчээр зугтаж чаджээ. 6 эмэгтэй, 9 хүүхэд зэвсэгт дайчдаас зугтан маш хүнд хэцүү зам туулан амь гарч чадсан байна.

Барьцаанд байсан хүмүүс янз бүрийн цаг хугацаанд Нигерийн Борно болон Хонг Адамава тосгоноос хулгайлагдан барьцаалагджээ. Тэгвэл барьцаанаас оргон зугтаж чадсан эмэгтэйчүүд хүүхдүүд 6 хоногийн туршид Буни Яди гэх газраас Борно мужийн Дамбоа хот руу 90 км зам туулан ирсэн байна. Тэдний дунд 8 сартай жирэмсэн эмэгтэй байжээ.

Хүнд зам туулж ирсэн хүмүүсийг Борно мужийн амбан захирагч Бабагана Зулум хүлээн авч, тэднийг гэртээ эсэн мэнд эргэн ирсэнд нь талархаж, жихадын зэвсэгт дайчдын барьцаанд байгаа бусад нутаг нэгтнээ суллуулахын төлөө тусгай албад, аюулгүйн хүчнийхэнтэй хамтран ажиллаж байгаа гэжээ. Нигерьт Боко Харам болон Исламын улс зэвсэгт бүлэглэлийн дайчдын гарт сүүлийн 12 жилийн хугацаанд 40 мянган хүн амиа алдаж, 2 сая гаруй хүн орон гэр, нутаг орноо орхин дүрвэжээ.