ЕХ-ны улс орнууд Оросын хийн үнийг рублиэр төлөхөөс татгалзаж байна

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан тогтоол шийдвэрийн дараа ЕХ-ны улс орнууд Оросоос авч байгаа байгалийн хийн үнийг рублиэр төлөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

Герман, Франц зэрэг улс орнууд Оросоос байгалийн хий авах гэрээний дагуу хийн төлбөрийг зөвхөн еврогийн хийх үүрэг хүлээсэн гэдгээ сануулан мэдэгдсэн байна. 

Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек, Францын сангийн сайд Бруно Ле Мер нар Оросын талтай байгуулсан гэрээний дагуу төлбөрийг еврогоор хийнэ гэж заасан, тиймээс цаашид ч еврогоор хийх болно, төлбөрийг өөр валютаар хийхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Тэгвэл Оросын тэргүүн “найрсаг бус” орнуудтай байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөрийг хийх шинэ зарлиг баталсан юм. Путин зарлиг гаргахдаа улсынхаа Төв банк болон Засгийн газартаа хандан Оросоос байгалийн хийн худалдан авч байгаа улс орнуудаас авах төлбөр тооцоог зохих валютаар хийхийг үүрэгджээ. Ингэснээр Оросоос байгалийн хий, түлш шатахуун авдаг 50 гаруй улс орон энэхүү шийдвэрт хамаарах юм. Путин зохих зарлиг батлан гаргахтай зэрэгцээд Их Долоогийн бүлэг, ЕХ-ны улс орнууд Оросын хийн төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгджээ.Их Долоогийн бүлгийг тэргүүлж байгаа Герман улсын эрчим хүчний сайд Роберт Хабекийн мэдэгдсэнээр Оросын тал төлбөр тооцоог рублиэр хийхийг шаардаж байгаа нь өмнө нь байгуулсан гэрээний нөхцлийг зөрчиж байгаа хэрэг гэжээ. Тиймээс гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл төлбөр тооцооны асуудлыг өөрчлөх аргагүй гэж үзэж байна.

Германы Холбооны канцлер Олаф Шольц энэ талаар хийсэн мэдэгдэлдээ Оросын хийн төлбөрийг зөвхөн еврогоор хийнэ гэдгээ батлан мэдэгджээ. Тэрээр “Бид хий болон бусад нийлүүлэлттэй холбоотой гэрээнүүдээ нягтлан, төлбөрийг еврогоор, зарим тохиолдолд ам. доллараар хийх болно. Би Оросын төрийн тэргүүнтэй хэлэлцэх үеэрээ мөн гэрээний нөхцлийг хэвээр мөрдөнө гэдгээ илэрхийлсэн гэжээ. 

Еврокомисс Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг, эрчим хүчний салбарын хориг арга хэмжээ зэргээс шалтгаалан ЕХ-ны орнуудад эрчим хүчний үнэ өсч байгаагийн эсрэг хамтын шийдвэр, хамтарсан арга алхам авах нь зүйтэй гэж тогтсон. Украины дайн тулаанаас үүдэн Брюссель тусгай ажлын хэсэг байгуулж, байгалийн хий, түлш шатахууны худалдан авалтыг хянах, мөн цаашлаад нөөц бүрдүүлэх тал дээр ажиллаж байгаа юм. Ирэх оноос өмнө Европын орнууд байгалийн хийн хадгалах байгууламжуудаа дор хаяж 80%-ийн дүүргэлттэй болгохоор зорьж байгаа юм. Үүний тулд байгалийн хий худалдан авах системээ нэгтгэхээр төлөвлөж байна. Өнөөдөр ЕХ-ны нутаг дэвсгэр дээр нийтдээ 160 хадгалах байгууламж байдаг ч ердөө 26%-ийн дүүргэлт нөөцтэй байгаа юм.