Технологи

Сансрын түүхэнд анх удаа эмэгтэй сансрын нисэгчид дангаар, бие даан задгай сансарт гарч ажиллажээ. ОУСС дээр ажиллаж байгаа НАСА-ийн астронавт Кристина Кук болон Жессика Меир нар баасан гарагт задгай сансарт гарч, нийтдээ 7 цаг 13 минутын туршид ажилласан байна. Тэд хөлгийн эрчим хүчний тэжээлийн блокийн системд гарсан гэмтлийн засч, солих ажил гүйцэтгэжээ.

Эмэгтэй сансрын нисэгчид задгай сансарт гарч хоршин ажилласан үйл явцыг НАСА-ийн албан ёсны сайт дээр шууд дамжуулан үзүүлсэн байна. ОУСС дахь Quest шлюзийн хаалгыг Америкийн зүүн эргийн цагаар баасан гарагийн 14 цаг 51 минутад хааж, улмаар сансрын нисэгчид задгай сансарт төлөвлөж байсан хугацаанаасаа цаг 30 минутаар илүү ажиллажээ.

Кристина Кук болон Жессика Меир нар задгай сансарт нийтдээ 7 цаг 13 минутын туршид ажиллаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллагаанаас гарч эвдэрсэн эрчим хүчний тэжээлийн блокийг сольсон байна. Энэ блокийг 2000 оны 12-р сард анх ОУ-ын станцад байрлуулж, станц дэлхийн сүүдэр талд байрлах хугацаанд эрчим хүчээр хангаж байсан юм. Ажиллагаанаас гарсан блокийг Америкийн Dragon ачааны хөлгөөр дэлхий рүү илгээж, гэмтлийн шалтгаан нөхцлийг нь судлах гэнэ.

Кристина Кук болон Жессика Меир нар задгай сансарт ажиллах хугацаандаа түүнчлэн дараагийн ажиллагаанд бэлтгэн литий-йоны шинэ батарей суулгасан байна. Ирэх 11 болон 12-р сард ОУСС-ын багийнхан задгай сансарт 3 удаа гарч ажиллахаар төлөвлөн, станцын гадна байрлах соронзон орны альфа-спектрометрыг засч хөргүүрийн шинэ систем, насос байрлуулахаар төлөвлөж байгаа юм.