П.Баттулга: 700 гаруй хүн ажлын байргүй болох нөхцөл байдал үүсээд байна

Нийгэм

Нийслэлийн төв хэсэгт оршдог Автобус бааз-3 компанийн газрыг 20 тэрбум төгрөгөөр хувийн компанид худалджээ. Хоёр жилийн өмнө мөнгөө төлж, газраа өмчилж авсан байгууллага бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр иртэл улс нийтийн тээврийн компанийхаа нүүх газрыг бэлдээгүй байна. Үүнээс үүдэн хувийн компани, автобус баазын ажилтнуудын хооронд үл ойлголцох байдал  үүсчээ.

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын барилга объект, газрыг Камдер ХХК өнгөрсөн онд худалдсан авсан. Ингээд тухайн компани хүсэлт хүргүүлж, газраа чөлөөлөхийг шаардаж эхэлсэн байна. Гэвч энэ асуудал он дамжсаар өнөөдрийг хүрсэн учир, автобус байрлаж байгаа грашнуудыг буулгаж эхэлжээ. 

Автобус гурав компанийг нүүлгэх ажил эхэлж, дараагийн байрлах газар баригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 35 хувьтай явагдаж байна. Ашиглалтад ороогүй газар луу нүүх боломжгүй учраас ажилчдын хувьд хүнд байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл тус газарт ажиллаж байгаа 700 гаруй хүн ажлын байргүй болох дээрээ тулаад байгааг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ. 

Өчигдрөөс эхэлж зарим барилга объектыг буулгаж эхэлсэн байна. Үүнээс болоод компанийн ажилчид, жолооч нарын хооронд үл ойлголцол үүсчээ. Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ асуудлыг яаралтай шийдэх өгөхийг холбогдох байгууллагуудаас хүслээ.