Элон Маск Твиттерийг худалдаж авах санхүүжилтээ хэрхэн босгосон талаар мэдээлэл өглөө

Технологи-360

Элон Маск Твиттерийг худалдаж авах амбицийнхаа санхүүжилтийн талаар мэдээлсэн байна. 46 тэрбум ам.долларын 25 тэрбумыг зээлээр, 21-ийг нь хувийнхаа өмчөөс гаргах гэнэ.

Маск Пүрэв гарагт АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд гаргасан шинэ мэдүүлэгтээ, 46.5 тэрбум доллараар худалдан авах саналаа гаргахдаа хэрхэн санхүүжүүлэх зээлийн төлөвлөгөөгөө танилцуулжээ. Санхүүжилтийг Morgan Stanley Senior Funding-ээс өгсөн өрийн амлалтын хоёр захидлаар дамжуулан олгож байгаа юм байна. Банкны зүгээс 25.5 тэрбум долларын зээлийг санал болгохоор амалсан. Үлдсэн 21 тэрбум ам.долларыг Маск өөрийн хөрөнгөөс гаргах юм байна.

Теслагийн гүйцэтгэх захирал Маскийн Твиттерт  эзэмшиж буй 9 хувь нь  ойролцоогоор 2.9 тэрбум доллараар үнэлэгддэг. 4-р сарын 14-нд Маскийн худалдан авах саналд Твиттер албан ёсоор хариу өгөөгүй байна. Твиттерийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, тус компани Маскийн саналд "няхуур, сайтар" дүгнэлт хийж шалгана хэмээжээ.

Маск Блүүмбэргийн тэрбумтнуудын индексийн жагсаалтад 249 тэрбум долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүн гэгддэг ч дийлэнх хувь Теслагийн хувьцаанд бүртгэлтэй учир Твиттерийг дан ганц өөрийн хүслээр худалдаж авах боломжгүй юм.