Үйл явдал

Их Британийн засгийн газар цар тахлын дэгдэлт дахин эрчимжиж байгаагаас энэ сарын 24-нөөс эхлэн иргэдээ олон нийтийн газраар, хаалттай газруудад амны хаалт заавал зүүхийг үүрэгдэж, хэрвээ энэ журмыг зөрчвөл 100 фунтээр торгох шийдвэр гаргажээ. Түүнчлэн Европын ихэнх улс орнуудад дэлгүүр, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх журам нэвтрүүлээд байна.

Германд ийм арга хэмжээг өнгөрсөн 4-р сарын сүүлчээс эхлэн мөрдөж эхэлсэн бол Италид 5-р сарын эхээр, Испанид амны хаалтны дэглэм 5-р сарын 21-нээс, Бельгид 7-р сарын 11-нээс эхлэн мөрдөгдөж байна. Тэгвэл одоогоор Франц улс амны хаалт зайлшгүй зүүх албан журам гаргаагүй байна.

Балканы улс орнуудад мөн цар тахлын дэгдэлт эрчимжсэнээс Чех улс Серби, Монтенегрогийн иргэдийг хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт хийж, хэрвээ шинжилгээ нь хилээр нэвтрэх үед эерэг гарвал 2 долоо хоногийн карантинд авч байна.

Грек улс хэдийгээр аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор хилээ нээсэн ч энэ сарын 15-наас эхлэн гадны иргэдэд тавих хяналт шалгалтаа өндөрсгөжээ.

Мароккод цар тахлын улмаас Танжера худалдааны томоохон боомт хотод дахин сая гаруй иргэнээ тусгаарлалт, хөл хорионд оруулжээ. Эндхийн худалдааны газрууд дахин үүд хаалгаа хаажээ. Филиппинд ердөө 6 долоо хоногийн өмнө хатуу хөл хорионы дэглэмээ цуцалсан ч өнөөдөр Навотасын 250 мянган иргэнийг дахин хөл хорионд авч байна.