Үйл явдал

АНУ-ын Африк гаралтай иргэн Жорж Флойд цагдаагийн гарт амиа алдсанаас хойш энэ улсын хэд хэдэн хотод жагсаал цуглаан, үймээн самуун дэгдээд байгаа. Маш олон албан байгууллага, бизнесийн газрууд эмх замбараагүй байдлын үеэр сүйтгэгдсэн.

Бидний сайн мэдэх алдартай технологийн брэнд “Apple” компанийн Портланд хот дахь салбар ч мөн үймээн самуунд өртөж, 10 метрийн өндөртэй шилэн цонх хагарч, дотор нь байсан бүх зүйл үймээн самуун таригчдын гарт хулгайлагдсан байна.

Тус салбар дэлгүүр нь нээгдээд ердөө хоёр хонож байгаа бөгөөд эрх баригчид эргэн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нээлт хийхээс өмнөх үеийн зардлаас илүү их хөрөнгө шаардлагатайг мэдээлжээ. Аризона мужийн Скоттсдэйл хотод ч мөн тус компанийн салбар дэлгүүр сүйдсэн байгаа юм. Тиймээс бусад хотын салбар дэлгүүр дээр “Apple”-ын зүгээс өндөржүүлсэн харуул хамгаалалт тавьсан байна.