Үйл явдал

Энэтхэг Улсад цар тахал дэгдсэнээс хойш өндөржүүлсэн хөл хорионы дэглэм тогтоосны улмаас гадаад болон дотоодын нислэгүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байсан. Харин өчигдрөөс эхлэн энэ улсад дотоодын нислэг хэвийн үргэлжлэхээр болжээ.

Энэтхэг Улсад хамгийн анх хөл хорио тогтоохдоо бүх тээврийн хэрэгслүүдийг хааж, иргэд гэр лүүгээ алхаж явснаар амь насаа алдах тохиолдол их байсан. Энэ сарын эхээр Энэтхэг Улс галт тэрэгний болон зам тээврийн үйлчилгээг нээгээд байсан бол өчигдрөөс дотоодын нислэгүүдийн үйл ажиллагаа эргэн хэвийн үйл ажиллагаандаа оржээ. Ингэснээр олон иргэд гэртээ харих боломжтой болж байгаа нь Энэтхэгийн иргэдэд ихээхэн сайшаалтай мэдээ боллоо. Гэхдээ олон улсын нислэг ойрын хугацаанд нээгдэх төлөвгүй байгаа юм байна.

Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал тааруу хэвээр байгаагаас гадна дэлхийд хамгийн их халдвар авсан 10 орны нэг болсон. Энэ улсад нийт халдвар авсан иргэдийн тоо 150 мянга болоход ойрхон байгаа юм.