Үйл явдал

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын төрийн айлчлалтай зэрэгцэн олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Шалтгаан нь Энэтхэгийн эрх баригчид мусульманаас бусад бүх шашны төлөөлөлд Энэтхэгийн иргэншил олгох үйл явцыг хялбаршуулж, нээлттэй болгосон хууль баталснаас үүдэлтэй юм. Шинэ хууль тогтоомж батлагдсаны дараагаар Энэтхэгт индус болон мусульман иргэдийн хооронд ширүүн мөргөлдөөн дэгдэж, 3 дахь хоногтоо дараалан үргэлжилжээ. 

Нью Дели хотноо болсон мөргөлдөөний улмаас 20-иод хүн алагдаж, 190 хүн гэмтэл бэртэл авчээ. Түүнчлэн эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дотор биеийн байдал нь хүнд байгаа хүн олон байгаагаас амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна. Нью Дели хотын захирагч Аржинд Керживал үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор улсынхаа ерөнхий сайдаас мөргөлдөөн, эмх замбараагүй байдал дэгдсэн бүс рүү цэрэг армийн нэмэлт хүч илгээхийг хүссэн байна. Цагдаа хүчнийхэн байдлыг хяналтандаа авсан ч нөхцөл байдал хүнд хэвээр, хэзээ мөдгүй дахин эмх замбараагүй байдал дэгдэж болзошгүй байна. Энэ байдлаас шалтгаалан Энэтхэгийн нийслэлд сургууль цэцэрлэгүүдийг хааж, олон нийтийг хамарсан цуглаан, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.