Үйл явдал

Шотландад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй болгох хууль баталжээ. Шотландын парламент энэ талаарх хууль тогтоомжийг санал нэгтэй дэмжин, хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн байна. 

Ингэснээр Шотланд улс эмэгтэйчүүдээ үнэ төлбөргүй ариун цэврийн хэрэгслээр хангах болсон дэлхийн анхны улс орон болжээ. Охид эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэгслийг эмийн сан болон залуучуудын клубээс үнэ төлбөргүй авч болох юм. Хуулийг санаачилсан гишүүдийн үзэж байгаагаар эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл нь тансаг хэрэглээ биш, харин нэн шаардлагатай хэрэглээ гэж үзсэн байна. Их Британид энэ төрлийн бараанд 5%-ийн татвар оногдуулдаг учраас Шотланд эмэгтэй сар бүр ариун цэврийн хэрэгсэлдээ 12 евро зарцуулах хэрэгтэй болдог юм. Засгийн газраас явуулсан санал асуулгаар сар тутамд эмэгтэйчүүдийн 40% нь гар дорх зүйлсээ хэрэглэн, хэрэгцээгээ хангах шаардлагатай болдог байна. Энэ явдал боловсролын байгууллагад онцгой ажиглагдаж, орлого муутай охид бүсгүйчүүд зарим тохиолдолд хичээл сургуулиасаа чөлөө авч гэртээ суухад хүрдэг байна. Энэ байдлаас шалтгаалан өнгөрсөн жилээс Их Британийн сургуулиудад охид бүсгүйчүүдэд үнэ төлбөргүй ариун цэврийн хэрэгсэл өгөх хөтөлбөр хэрэгжиж байжээ.  Шотланд улс эмэгтэйчүүддээ зориулсан хөтөлбөрт жилд 29 сая евро зарцуулахаар төсөвлөжээ.