Getty Images

Үйл явдал

АНУ-ын сагсан бөмбөгийн домогт тамирчин, NBA-ийн од Коби Брайнт осолд орж, харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээлэл сагсан бөмбөгийн ертөнцийг доргиож, NBA-ийн түүхэн дэх хар өдөр болжээ. Коби Брайнтын сууж явсан хувийн нисдэг тэрэг нь Лос Анжелес хотоос холгүй унаж осолджээ. Нисдэг тэргэнд Коби Брайнттай хамт нийтдээ 5 хүн явсны дотор түүний 13 настай охин Жанна Мария Оноре байжээ. Харамсалтай нь нисдэг тэрэгний ослоос нэг ч хүн амьд үлдэж чадаагүй байна.

41 настай Коби Брайнтыг NBA-ийн түүхэн дэх хамгийн үр дүнтэй, хамгийн шилдэг тамирчдын нэг гэж үзэж байсан юм. Тэрээр Олимпийн 2 медаль хүртэж, NBA-ийн 5 удаагийн аварга байсан төдийгүй 20 улирлын туршид “Лос Анжелес Лейкерс” багт тоглож байжээ. Коби Брайнт нэг улирлын тоглолтын туршид хоёр удаа NBA-ийн хамгийн үр дүнтэй тамирчнаар шалгарч, “Бүх Оддын тэмцээн”-д 18 удаа оролцож байжээ. Коби Брайнт 2016 онд их спортоор зодог тайлсан байна. NBA-ийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчны нэг таалал төгссөнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эмгэнэл илэрхийлсэн байна.

REUTERS

ОСЛЫН ТУХАЙД: Нэртэй тамирчны сууж явсан хувийн нисдэг тэрэг нь Лос Анжелес хотоос холгүй байрлах Калабасас хотын орчимд, уул гүвээтэй зэлүүд газар унасан байна. Одоогоор тамирчны хөлөглөж явсан хувийн нисдэг тэрэг ямар шалтгаанаар осолдсон нь тодорхой байгаа ч газар дээр нь аврагчид болон мэргэжилтнүүд очин ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөн түүнчлэн Коби Брайнтын сууж явсан нисдэг тэрэг хаанаас хаашаа чиглэн нисч явсан талаарх мэдээллийг тодруулж байна. Коби Брайнт хувьдаа Sikorsky S-76 загварын нисдэг тэрэг хөлөглөж, түүгээсээ өөрийн амьдардаг Ньюпорт-Бичээс Staples Center луу, мөн “Лос Анжелес Лейкерс” багийн тоглолтуудаа үнэхээр зорчдог байжээ. Нисдэг тэрэгний ослыг харсан гэрчүүдийн яриагаар нисдэг тэрэг унаж осолдохоос өмнө хөдөлгүүрээс нь их дуу чимээ гарч байсан, улмаар газар мөргөн осолдсон байна. Нисдэг тэрэгний ослоор Коби Брайнт, түүний 13 настай охин Жанна Мария Оноре болон бусад хүмүүс амиа алдсан тухай мэдээллийг Калабасас хотын эрх баригчид батлан мэдэгджээ.

REUTERS