Үйл явдал

Улс орноо 20 жил тэргүүлж, ерөнхийлөгч ерөнхий сайдын эрх үүргийг тасралтгүй хашиж ирсэн Владимир Путин улсынхаа Холбооны зөвлөлд хандан хийсэн мэдэгдэлдээ улсынхаа үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын эрх үүргийг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн нь Орос оронд засгийн газар огцорч, улс төрийн томоохон халаа сэлгээ хийхэд хүргээд байна. Ерөнхий сайд Дмитрий Медведевын хувьд тэрээр сайн дураараа, өөрийн хүслээр албан сэнтийгээсээ буух шийдвэр гаргасан.

ОХУ-ын орчин цагийн түүхэнд засгийн газрын тэргүүн өөрийн хүслээр огцрох шийдвэр гаргаж байгаа явдал 2 дахь удаагаа давтагдаж байгаа юм. Дмитрий Медведеваас өмнө 2007 онд тухайн үеийн ОХУ-ын ерөнхий сайдаар ажиллаж байсан Михаил Фрадков мөн ийнхүү огцорч байжээ. Тэгвэл албан сэнтийгээсээ сайн дураараа огцорсон Дмитрий Медведевт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ албан тушаал санал болгож, Холбооны аюулгүйн зөвлөлийн орлогч даргын суудалд томилох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Владимир Путин олон жил гар нийлэн хамтран ажилласан журмын нөхөр Дмитрий Медведевт шинэ албан тушаал санал болгожээ. Путин улсынхаа сайд нарын танхимын уулзалтан дээр Дмитрий Медведев болон түүний тэргүүлж байгаа засгийн газар улс орныхоо төлөө тууштай, нэр төртэй ажилласанд талархал илэрхийлсэн байна. Путин Медведевыг улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, цэрэг батлан хамгаалахын хувьд хүчирхэг улс орон байхад үргэлж анхаарал тавин ажиллаж ирснийг ч тэмдэглэсэн байна. Түүнчлэн Медведевын тэргүүлэн ажиллаж байсан засгийн газар улс орны хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал, ард түмний талд зогсон үр бүтээлтэй ажиллаж ирснийг ч онцолсон байна. Улмаар Путин Медведевт улсынхаа Холбооны Аюулгүйн зөвлөлийн орлогч даргын албан тушаал санал болгон, түүнтэй цаашид ч хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Холбооны Аюулгүйн зөвлөлийг Путин тэргүүлдэг, харин түүний орлогчийн суудлыг Медведевт санал болгосон байна. Дмитрий Медведевын тэргүүлж байсан засгийн газар ерөнхий сайдын шийдвэрээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа хэдий ч дараагийн засгийн газар томилогдох хүртэл албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.