БЗД-т газар доорх гарааш барин, дээр нь хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар болжээ

Нийгэм

Улсын хүн амын талаас илүү нь оршин сууж байгаа нийслэл хотод замын түгжрэл, авто машины зогсоолын хүрэлцээ нэн тэргүүний шийдэх асуудал болсон.

Баянзүрх дүүргийн 3-р хороонд байрлалтай орон сууцнууд дунд автомашины зогсоолын хүрэлцээ маш муу байна. Зогсоолын хүрэлцээ хомс тул зарим тохиолдолд явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, хашлага боржуур давуулан машинаа байрлуулах тохиолдол ч их байдгийг хэллээ.

Тиймээс дүүргийн удирдлага, 7-р байрны СӨХ хүсэлт гарган газар доогуур автомашины дулаан зогсоол, дээд хэсэгт нь хүүхдийн тоглоомын талбай бариулахаар болсон байна.

Орон сууцны дунд талбай багатай энэ нөхцөлд газар доогуур машины зогсоол хийгээд дээр нь хүүхдийн тоглоомын талбай ногоон байгууламж барих ажилд 700 сая төгрөг зарцуулах юм байна. Энэ нь тусдаа зогсоол байгуулж, тоглоомын талбай хийхээс хямд зардлаар асуудлыг шийдэж болох шийдэл гэдгийг онцоллоо. Зургийн дагуу дээрх бүтээн байгуулалт хийхийг оршин суугчид ч дэмжиж байгаагаа хэллээ.

Ил задгай явган хүний зам дээр байрлуулсан машинуудыг газар доорх гараашаар шийдэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөллүүд онцолж байна.

Баянзүрх дүүргийн захиалгаар хийгдэж байгаа дээрх ажлаас жишээ авч бусад дүүргүүд ч тулгамдах асуудлаа хялбар шийдэх боломжтойг ийнхүү онцоллоо.