Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн хүчирхэг гүрэнтэй G7 буюу Их долоогийн бүлэгт ОХУ, Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг улсыг нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Зарим гишүүн орны хувьд энэ саналыг дэмжихгүй байгаа. Харин Өмнөд Солонгос улсын хувьд Их долоог Их арван нэг болгон өргөтгөх хэрэгтэй гэж үзжээ.

Дэлхийн хамгийн сайн эдийн засагтай орнууд гэгдэх Их долоогийн бүлэгт Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ багтдаг. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ким Хюн Чонг Сөүлийн Засгийн газар ч бас Их Долоогийн бүлгэмд нэгдэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийллээ. Гэхдээ Их долоогийн гишүүн орнууд бүгд санал нэгтэй зөвшөөрсөн тохиолдолд тэдний нэг байх хүсэлтэй байгаагаа онцолжээ. Тэрээр энэ асуудлыг 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр АНУ-ын нийслэлд болох Их Долоогийн дээд хэмжээний уулзалтын үеэр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Гэхдээ Герман болон Японы зүгээс Их долоог өргөтгөх хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн. Трампын зүгээс хэд хэдэн орныг гишүүнээр нэмснээр шинэчлэлт явагдана гэж үзэж байгаа юм. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жае Ин Ерөнхийлөгч Трамптай өнгөрсөн сард утсаар холбогдох үедээ энэ саналыг дэмжиж байгаагаа хэлжээ.