Улс төр

ДЭМБ-ын мэдээлж байгаагаар өнөөдөр дэлхийн улс орнуудад COVID-19 цар тахлын нийт 13 сая гаруй тохиолдол илэрч, 572 мянган хүн нас баран, эдгэсэн хүний тоо 7 сая 230 мянгаар тоологдож байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт мэдэгдэл хийхдээ цар тахлын дэгдэлт зогсох болоогүй байгааг тэмдэглэж, улс орнууд цар тахалтай тууштай тэмцэхгүй, замын дундаас хүчээ сааруулж байгаагаас дэгдэлт дахин эрчтэй дэгдэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулжээ.

ДЭМБ-ын тэргүүний мэдэгдсэнээр: -Ойрын ирээдүйд дэлхий нийт амьдралын энгийн горимондоо шилжиж чадахгүй нь бололтой. Учир нь улс орнууд цар тахалтай тэмцэхдээ буруу арга замаар явж, Засгийн газрууд нь иргэддээ цаашдын арга алхам, байр сууриа дутуу хүргэж, ямар стратеги чиглэл барин ажиллаж байгаагаа тодорхой ойлгуулахгүй байгаагаас замын дундаас тэмцлээ бууруулж, цар тахлаас сэргийлэх наад захын арга алхмуудыг ч мөрдөхгүй байгаагаас COVID-19-ийн халдварын тохиолдол буурахгүй байна гэжээ.

Тедрос Адханом Гебрейесус ийнхүү мэдэгдэхдээ ядаж ч гараа тогтмол угааж, амны хаалт зүүн, аюулгүй зайгаа баримтлахыг чандлан мөрдөж байж л цар тахлаас сэргийлнэ гэдгийг дэлхийн хүн бүр ойлгох хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулж, хэрвээ наад захын дүрэм журмыг мөрдөхгүй бол цар тахал энэ хэвээр удаан үргэлжлэхийг сануулжээ.