НАТО-ийн гишүүн улс орнууд Украинд үзүүлэх цэргийн тусламжийн асуудлаар хэлэлцлээ

Үйл явдал

НАТО-ийн гишүүн улс орнуудын гадаад хэргийн сайд нар Украинд үзүүлэх цэргийн тусламжийн асуудлаар хэлэлцлээ.

Тэд Украины Буча хотод энгийн номхон иргэд амиа алдан, тэдний цогцсыг гудамж талбайгаар тараан хаясныг шүүмжилж, энэ улсад үзүүлэх цэргийн тусламж дэмжлэгээ яаравчлах нь зүйтэй гэж үзжээ.

НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг Брюссельд болсон уулзалтын үеэр Украинд болж байгаа хэрэг явдалд бид нухацтай хандах ёстой. Тэнд болж байга энэ бүх аймшигтай хэрэг явдлыг цаг алдалгүй таслан зогсоох нь зүйтэй. Тиймээс Украины талд удаан хугацаанд дэмжлэг үзүүлэх, дайсагнагч талын эсрэг хоригоо чангатгах, хил газар нутгаа хамгаалах үйл явцыг бэхжүүлэх хэрэгтэй байна гэжээ.

Брюссельд болсон НАТО-ийн уулзалтад Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нэгджээ.

Кулеба НАТО-оос шаардлагатай зэр зэвсэг, тэр дундаа онгоц, хуягт техникийн дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Холбоотон орнууд Украинд ПЭХС, танк эсэргүүцэгч, бусад төрлийн зэр зэвсгийн тусламж үзүүлэхээс гадна хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна. НАТО, Оросын талтай дайны талбарт шууд тулахгүйн тулд Украин руу цэргийн хүчин, агаарын хүчнээ илгээхээс татгалзаж байгаа юм.