Украины хотууд дайралтад өртсөөр, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна

Үйл явдал

Украины зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлж байгаагаар Оросын арми өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины нутаг дэвсгэрт хэд хэдэн чиглэлд байрлалаа ахиулан давшилт хийжээ. 

Тухайлбал Польш улстай хил залгаа Львов мужийн цэргийн полигон агаарын цохилтод өртсөнөөс гадна нийслэл Киев хот руу Оросын цэргийнхэн байрлалаа ахиулжээ. 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Львов мужид Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү халдсанаас хойшхи хугацаанд анх удаа цохилт дайралт хийжээ. Украины зэвсэгт хүчний ерөнхий командлалаас мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын тал нийслэл Киев хот руу хийх давшилтаа удаашруулсан байна. Гэсэн хэдий ч Украины хотууд дайралтад үргэлжлэн өртсөөр байгаа талаар мэдээлж байгаа юм. Украины Мариуполь хот сүүлийн бараг хоёр долоо хоногийн туршид Оросын цэргийнхэний бүслэлтэд байна. Европын хэвлэлүүд Маxar Technologies сансрын хиймэл дагуулаас авсан фото зургийг хавсарган энэ талаар мэдээлж байгаа юм. 

Тэгвэл Оросын эрх баригчдын мэдээлж байгаагаар Украинаас Оросын нутаг дэвсгэр лүү өнгөрсөн хугацаанд 230 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Украины 2,6 сая иргэн Орос руу дүрвэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Оросын тал Украины хэт үндсэрхэг үзэлтнүүдийг нутаг нэгтнүүдийнхээ эсрэг балмад халдлага дайралт хийж байгаад буруутгаж байна.