Улс төр

Манай улсын хойд хөрш ОХУ-д сүүлийн үед ковид-19 халдварын нөхцөл байдал ихээхэн хүндэрч байгаа. Өнгөрсөн 4 хоног дараалан энэ улсад нэг өдөрт 10 мянга гаруй халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсэн. Нөхцөл байдлын тухай Ерөнхийлөгч Владимир Путин, Оросын эрх баригчидтай цахим уулзалт хийжээ.

ОХУ-д ковид-19 халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт 177,160 болсон байна. Ингэснээр Орос Улс дэлхийд хамгийн их халдвар бүртгэгдсэн таван орны нэг боллоо. Нөхцөл байдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр энэ улсын эрх баригчидтай цахим уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Путин,

“Манай оронд тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Миний анх сануулснаар урьдчилан сэргийлэх хатуу хөл хориог зарим үндэслэлтэйгээр шат дарааллаар нь улс орны хэсэг бүсүүдэд багасгаж болно. Гэхдээ зарим газарт хөл хориог илүү чангатгах шаардлагатай. Харин хөл хориог багасгах эцсийн шийдвэрийг эрдэмтэн мэргэжилтнүүдийн санал бодол зөвлөгөөг даган, бүх хүчин зүйл, болзошгүй эрсдлийг харгалзан үзэж байж шийдвэрлэнэ. Бид яаран хөдөлж болохгүй. Аливаа хайхрамжгүй байдал, түргэн гаргасан шийдвэр нь эрсдэл дагуулж магадгүй. Шийдвэр бүртээ хариуцлагатай хандах хэрэгтэй”

хэмээн ярьжээ. Харин халдвар хамгийн их тархаад байгаа нийслэл Москва хотын дарга Сергей Собянин сүүлийн хоёр долоо хоногт эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн тоо нэг түвшинд байгаа нь нөхцөл байдал тогтвортой байгааг илэрхийлж байна хэмээн санал бодлоо солилцсон байна. Ерөнхийлөгч Путин нөхцөл байдал тогтворжсон гэж бодож байгаа учраас зарим нэг газрын үйл  ажиллагааг нээж болно. Гэхдээ эмч нартай зөвлөлдөх шаардлагатайг сануулж, нийслэл хот бүхэлдээ хөл хориог цуцалвал ямар үр дүн дагуулахыг ахин бодож үзэхийг анхааруулжээ.