ХӨСҮТ: Шинж тэмдгээр нь ковид 19-ийг оношилж байгаа тул заавал PCR өгөх шаардлагагүй

Эрүүл мэнд

Дельта вирусийн давлагаа наймдугаар сарын дунд үеэс эхлэхдээ гурван хүний нэгт нь бүртгэгдэж байсан бол ердөө сарын хугацаанд гурван хүн тутмын хоёроос илрэх болжээ. ХӨСҮТ 285 ортой ажиллаж байсан бол шинэ давлагаа үүссэнээс хойш 30 ор нэмэлтээр дэлгэсэн байна. Нийт 315 хүний ор дэлгэсэн ч халдварт өвчин судлалын үндэсний төвд хандах хүнд хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн тул хүмүүсээ шахан хүлээн авч 400 хүнийг эмчилж байгааг хэллээ. 

ХӨСҮТ-д дахин 50 ор нэмэлтээр дэлгэхээр ажиллаж байна. Тус төвд PCR шинжилгээ үнэгүй авч байгаатай холбоотойгоор иргэд ихээр хандаж байгаа юм. Шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийн дийлэнх нь ойрын хавтал, шинж тэмдэг илэрсэн гэх шалтгаантай байна.

Тэгвэл тус төвөөс ойрын хавьтал болж шинж тэмдэг илэрсэн бол заавал шинжилгээ өгөх гэж урт дараалал үүсгэх хэрэггүй гэж мэдэгдлээ. Ковид-19 халдварыг шинж тэмдгээр нь шууд оношилж эмчилгээг эхлүүлнэ гэсэн юм. 

Дельта вирусийн давлагаа гурван хүчин зүйлээс болж нэмэгдэж байгааг хэллээ. Энэ нь хот хөдөөгийн шилжилт хөдөлгөөн, хүний бөөгнөрөл үүсгэсэн газар болоод халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байхаас үүдэлтэйг онцоллоо.