Улс төр

Латин Америкийн улс орнуудаас улсынхаа төрийн эрхийг хамгийн он удаан жил тэргүүлсэн Боливийн ерөнхийлөгч Эво Моралес төрийн тэргүүний суудлаасаа буужээ. Тэрээр улс орондоо явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хэдий ч түүнийг сонгуулийн дүнг өөрт ашигтай байдлаар эргүүлсэн гэх сөрөг хүчний гомдол санал, иргэдийн эсэргүүцлийн улмаас албан сэнтийгээсээ огцрох шийдвэр гаргажээ. 

Боливийн ерөнхийлөгчийг өнгөрсөн сонгуулийн дүнг өөрт ашигтайгаар эргүүлсэн гэж буруутган, энэ улсад олныг хамарсан жагсаал цуглаан үргэлжилж байжээ. Үүний улмаас Боливийн арми болоод цагдаагийн байгууллагын удирдлагууд Эво Моралесыг огцрохыг шаардах болсон байна. Моралес түүний эсрэг гомдол саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, энэ бол “иргэний төрийн эргэлт” гэж нэрлэж байсан ч улс орны цаашдын амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүднээс албан сэнтийгээсээ бууж байгаагаа илэрхийлжээ.

Боливт өнгөрсөн 10-р сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш энэ улсад сонгуулийн дүнг эсэргүүцсэн олны жагсаал цуглаан үргэлжилсэн юм.

Эво Моралес сонгуульд 47,1%-ийн санал авч, түүний гол өрсөлдөгч нь байсан ерөнхийлөгч асан Карлос Меса 36,51%-ийн саналаар удаалжээ. Моралес ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд тэргүүлсэн гэж үзэн төрийн тэргүүний суудалд 4 дэхээ улиран сонгогдлоо гэж өөрийгөө зарлан тунхагласан ч сөрөг хүчин болон ард иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ. Учир нь Боливт 2016 онд болсон бүх нийтийн санал асуулгаар Моралес төрийн эрхэнд дараалан 4 удаа сонгогдох эрхгүй байжээ. Түүнчлэн олон улсын ажиглагчид ням гарагт мэдэгдэл хийж, Боливт явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ноцтой алдаа зөрчил гарсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Улмаар улс орноо 14 жил тэргүүлсэн, Боливийн анхны индиан омгоос гаралтай ерөнхийлөгч Эво Моралес төрийн тэргүүний суудлаасаа буухаас аргагүй болжээ.