Улс төр

Тэгвэл энэ хооронд Японы засгийн газрын тэргүүн Шинзо Абэ Хагибис далайн хар шуурганд өртсөн гамшгийн бүсэд ажиллаж байна. Японы ерөнхий сайд улсынхаа зүүн хойд хэсгийн Фукушима мужийг зорьж, өнгөрсөн амралтын өдрүүдэд шуурсан хүчтэй хар шуурганд өртсөн бүсээд явж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. 

Шинзо Абэ Фукушима мужид пүрэв гарагт онцгой байдлын газрын онгоцоор хүрэлцэн иржээ. Тэрээр гамшигт үзэгдэлд хамгийн их нэрвэгдсэн Корияма хотод очсон байна. Хотын дарга Масато Шинагава гамшгийн улмаас сүйдсэн газар оронтой танилцуулж, гамшигт үзэгдлийн үеэр 5 хүн амиа алдсан талаар мэдээлжээ. Эндхийн Абукума гол Хагибис шуурганы араас орсон хүчтэй аадар борооны улмаас үерлэж, ойр хавийн газар нутгаа үерт автуулаад байгаа юм. Түүнчлэн Японы ерөнхий сайд гамшгийн улмаас орон гэрээ орхин, эндхийн сургуулийн барилгад байгуулсан түр байранд амьдарч байгаа иргэдтэй уулзжээ. Шинзо Абэ засгийн газраас гамшигт нэрвэгдэгсдэд бүх талаар тусалж дэмжин, тэдний амьдралыг эргээд хэвийн байдалд оруулахад нь туслах болно гэж мэдэгджээ. Абэ өнөөдөр Мияги мужид ажиллах гэнэ.