Цар тахлын хуулийг он дуустал сунгасан ч ипотекийн зээл төлөлтийг дахин хойшлуулах боломжгүй

Засгийн газар

УИХ-ын ээлжит бус чуулганаар улсын төсөвт тодотгол хийж ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Мөн цар тахлын хууль 7-р сарын 1-ний өдрийг хүртэл үйлчлэх байсныг 2022 оныг дуустал сунгасан. Хуулийн үйлчлэлийг сунгасантай холбоотой иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг он дуустал хойшлуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. Гэвч Төв банк ипотекийн зээлийн эргэн төлөлтийг он дуустал хойшлуулах боломжгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна. Учир нь зээлийн эргэн төлөлт хойшлох тусам шинэ зээлийн эх үүсвэр багасч байгааг Сангийн сайд онцоллоо.

Хоёр жил гарны хугацаанд үргэлжилж байгаа цар тахлын нөлөөлөл иргэдийн амьдралд төдийгүй улсын эдийн засагт хүнд цохилтууд үзүүлсэн. Тиймээс иргэдийн амжиргааг дэмжиж, эдийн засгийг сайжруулахад засгийн газар шуурхай арга хэмжээ авах эрхийг УИХ олгож Цар тахлын түр хуулийг баталж байсан. Зургаан ч удаа сунгагдсан түр хуулийн үйчлэх хугацааг ээлжит бус чуулганаар он дуустал сунгасанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ хуулийн үйлчлэлд багтсан ипотекийн зээлийн эргэн төлөлт он дуустал хойшлоно гэх хүлээлт иргэдийн дунд байсан бол Төв банкнаас хугацааг дахин хойшлуулах боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Ипотекийн зээл олголт санхүүжилтгүйн улмаас гацсан гэх мэдээлэл цацагдах болсон. Харин зээл олголт хэвийн үргэлжилж байгааг Сангийн сайд онцоллоо. 

Ирэх 7-р сарын нэгний өдөр хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргасан иргэдийн зээлийг хуулийн үйлчлэлд нийцүүлэн он дуустал сунгах эсэх шийдвэр одоогоор тодорхой болоогүй байна. Ямартай ч Төв банк дахин хойшлуулах боломж байхгүй гэх байр суурь илэрхийлсэн байна. Сангийн сайдын зүгээс ч иргэд зээлээ хугацаанд нь төлөх нь зөв шийдэл гэдгийг ч онцолж байгаа юм.