Маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна

Цаг агаар

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 01-р сарын 11-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -15...-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -1...-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна . Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд зарим газраар, 16-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна.