Нийгэм

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан жижигрүүлэх төхөөрөмжийг аймгуудад хүлээлгэн өглөө. Монгол Улсын өнцөг булан бүрээс хуванцар хог хаягдлыг тээвэрлэн авч ирэхэд ахиц гарна гэж үзэж байна. Энэхүү төхөөрөмж нь дунджаар 500 кг хог хаягдлыг жижигрүүлж, ангилах хүчин чадалтай.

Аймгуудаас гадна жуулчид ихээр зорин очдог улсын тусгай хамгаалалттай газруудад хог ангилан, жижигрүүлэх төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Энэхүү машиныг хүлээлгэн өгч, шаардлагатай сургалт явуулснаар хөдөө орон нутгаас хуванцар хог хаягдлыг төвлөрүүлэх, тээвэрлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.

Сүхбаатар аймагт хуванцар хог хаягдал авах газар тоотой хэдхэн бий.  Эдгээр газрууд нь Улаанбаатар хот руу тогтмол тээвэрлэлт хийж чаддаггүй. Гол шалтгаан нь хуванцар савны овор хэмжээтэй холбоотой.  Харин одоо жижигрүүлж, нягтаршуулах төхөөрөмжтэй болсон учир тээвэрлэлт нэмэгдэх боломжтой болно гэсэн юм. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудын орлого ч нэмэгдэнэ гэлээ.  

Хуванцар хог хаягдал нь байгальд 200-400 жилийн хугацаатай задардаг. Хэрвээ шатаавал агаарт олон төрлийн аюултай бодисыг ялгаруулдаг. Хүний бие болоод байгальд сөрөг нөлөөтэй учир зөв менежментийг явуулах, хог бус баялаг болгоход салбарын яам анхаарч ажиллаж эхлээд байгаа юм. Төхөөрөмжийн хувьд байгальд ээлтэй, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг. Хуванцар болон хөнгөн цагаан лааз, бүх төрлийн цаас переслэх зэрэг олон талын давуу талтай юм.