Жо Байден улсынхаа Конгрессоос Украинд зориулан 33 тэрбум доллар хүсч байна

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улсынхаа Конгресст хандан Украинд тусламж болгон 33 тэрбум долларын хөрөнгө шийдэж өгөх хүсэлт тавилаа. Цагаан ордны тэргүүн Украин улсыг цаашид ч дэмжин туслах болно гэдгээ хэлж, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж байгаа Киевт илүү их зэр зэвсэг шаардлагатай байгааг онцолжээ.

Америкийн тэргүүн улсынхаа Конгрессоос Украинд зориулан хүсч байгаа мөнгөнөөс 20 тэрбумыг нь Украин болон хөрш зэргэлдээх улс орнуудад нь цэргийн тусламж үзүүлэхэд зориулах бол 8,5 тэрбумыг Зеленскийн засгийн газарт эдийн засгийн тусламж үзүүлэхэд зарцуулах гэнэ. Түүнчлэн 3 тэрбумыг хүмүүнлэгийн болон хүнсний тусламж үзүүлэхэд зориулахаар төлөвлөжээ. Ингэхдээ Вашингтон Киевт үзүүлэх тусламжийн хөтөлбөрөө 5 сарын хугацаагаар тооцсон байна. 

Жо Байден улсынхаа Конгресст хандахдаа:

-Бид Оросын эсрэг халдахгүй, гэхдээ бид Украиныг хамгаална. Москва хэрвээ хүсвэл энэ дайнд цэг тавьж чадна гэжээ. 

Вашингтоны тал Украины дайн тулаан эхэлснээс хойшхи хугацаанд Киевт бараг 4 тэрбум долларын цэргийн дэмжлэг туслалцаа үзүүлээд байгаа юм. Украины ерөнхий сайд Денис Шмыгаль Оросын түрэмгийллийн эсрэг сөрөн зогсоход улс оронд нь сард 5 тэрбум хүртэлх долларын хөрөнгө мөнгө шаардагдаж байгааг хэлжээ. 

Жо Байден улсынхаа Конгресст хандан Украинд туслах хөрөнгө мөнгө хүсэхдээ “Украинд газар нутаг, эрх чөлөөгөө хамгаалахад нь тусалж байгааг” онцолсон. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн Оросын тэргүүний Украин бол энэ дайнд зөвхөн утсан хүүхэлдэй болж, үнэн хэрэгтээ Оросууд Киевийн цаана сүүдэрт нь байх Барууны хүчинтэй тулалдаж байна гэсэн үгийг эсэргүүцжээ. 

Америкийн тэргүүн Конгресстоо хандан Украинд мөнгө хүсэхдээ Америк дахь Оросын засгийн газар, тэргүүн баячуудын царцаагдсан хөрөнгийг Украины сайн сайхны төлөө ашиглахад уриалан, энэ дагуух саналаа хууль боловсруулагчдад хүргэжээ. Америкийн тал Оросын олигархуудын хувийн өмч болох далбаат завь, онгоц, үл хөдлөх хөрөнгө гэхчлэн тэрбум долларын хөрөнгийг битүүмжлэн царцаагаад байгаагаас гадна хэдэн сая долларын дансыг мөн битүүмжлээд байгаа юм.