АНУ-ын тэргүүн Путины талаар хийсэн мэдэгдлээсээ буцжээ

Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын тэргүүнийг “дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэн, Путины засаглалыг халах нь зүйтэй гэж мэдэгдсэн. Цагаан ордны тэргүүн энэ талаар бямба гарагт Польшид айлчлах үеэрээ хийсэн мэдэгдэлдээ дурьдсан юм.

Тэгвэл Жо Байдены энэ мэдэгдэл ихээхэн сөрөг үр дагавар дагуулж, нэг улс орны орны тэргүүн нөгөө улсын ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж, улсынх нь иргэдийг төр засгаа унагаж, солиход уриалсан явдал болж шүүмжлэл дагуулсан байна. 

Жо Байден мэдэгдэлдээ Оросын ард иргэдэд хандан “Путины дэглэмийг халахад уриалсан” нь ийнхүү олон улсын тавцанд ихээхэн хэл ам дагуулсан юм.

Цагаан ордны тэргүүн ийнхүү мэдэгдэхдээ “Владимир Путин төрийн эрхэнд байх ёсгүй удирдагч. Түүний дэглэмийг халах цаг болсон” гэсэн нь олон улс орны зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ.

Тэгвэл Байдены энэ мэдэгдлийн дараа Цагаан ордон дээрх мэдэгдлээрээ ямар утга санаа агуулж байсан талаар тайлбар хийхэд хүрсэн байна. Жо Байден ч мөн өөрийн хэлсэн үгнээс татгалзаж, түүний хэлэх гэсэн санааг буруу ойлгосон гэж тайлбарлажээ.

Байдены хэлсэн үгэнд эгдүүцэж байгаагаа Германы Холбооны канцлер Олаф Шольц мөн илэрхийлсэн байна. Оросод төр засгийн эрх солигдох нь НАТО-ийн гол зорилго чиглэл биш гэдгийг тэрээр хэлсэн бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн адил Байдены үг утга санааны хувьд буруу, аль нэг бие даасан тусгаар улсын тэргүүн хэн байх ёстой хэн ч гаднаас зааж зааварлах эрхгүй гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мөн Орос орныг хэн удирдахыг Байден шийдэхгүй гэдгийг хатуухан хэлж, Оросын иргэд өөрсдийн сонголтоор улсынхаа тэргүүнийг сонгодог гэдгийг сануулжээ.