16 хүүхэд төрүүлж, улсдаа 30 гаруй жил ажилласан Г.Тогтохбаяр гуайг “Алтан гадас” одонгоор шагналаа

Нийгэм

"Цаг" хөтөлбөр 16 хүүхэд төрүүлж өсгөсөн өндөр настан Тогтохбаярыг онцолж байна. Энэ буурал олон хүүхэдтэйгээс улсад 30 гаруй жил хөдөлмөрлөжээ. Өнөөдөр түүний үр хүүхдүүд бүгд эсэн мэнд байгаагаас гадна ач гуч зээ гээд өнөр өтгөн айл болсон байна. Тогтохбаярын хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж Алтангадас одонгоор шагнасныг өнөөдөр Улсын их хурлын гишүүн Чинбүрэн гардуулан өглөө. 

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул БЗД-ийн 11-р хорооны иргэн Гончигийн Тогтохбаяр гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагналаа. Тогтохбаяр гуайн хувьд 16 хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн буянтай буурал юм. Тэрээр төрийн дээд одон медалиар шагнуулсандаа өдий 86 насыг зооглож буй ханьдаа баярлаж байгаагаа хэлж байлаа.

Тогтохбаяр гуайн бас нэг онцлог уур бухимдал гэдэг зүйлээс холуур явдаг гэнэ. Өдий 80 гаран наслахдаа тэрээр муу муухай үг , хараал огт хэлэлгүй өдий хүрсэн гэж хуучилж байлаа.

16 хүүхдийн хамгийн том одоо 67 настай. Хамгийн бага 37 настай гэнээ. Бүх хүүхдийнхээ хувийг нь олж өсгөн хүмүүжүүлж, гарыг ганзаганд хөлийг дөрөөнд хүргэсэн гэдгээ хүн бүхэнд бахархан ярих дуртай гэдгээ хэлж байлаа.