Украины Ерөнхийлөгч Израилийн Кнессетэд хандлаа

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Израилийн Кнессет буюу парламентад хандан мэдэгдэл хийжээ.

Зеленский энэ үеэр ОХУ-ын талтай хийх хэлэлцээг Иерусалимд хийх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Украины ерөнхийлөгч Израилийн Кнессетэд хандан мэдэгдэл хийх үеэр парламентын ордны гадна Украины ард түмнийг дэмжсэн олон цуглажээ. Тэд Оросын талыг галаа нэн даруй зогсоож, цэрэг дайны үйл ажиллагааг дуусгавар болгоход уриалж байжээ. Тэгвэл зарим мэдээллээр Зеленскийг Кнессетэд хандах үед Израилийн парламент кибер дайралтад өртсөн гэнэ.

Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет Орос-Украины хоорондын хэлэлцээрийг зохион байгуулахад энхийн зуучлагчийн хувиар оролцоход татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ магадгүй Иерусалим нь Орос-Украины хооронд эв эеэ ололцох зөв газар орон байж болно гэжээ. Украины ерөнхийлөгч ОХУ-ын тэргүүнтэй яриа хэлэлцээ хийхэд зуучлахыг Израилийн талаас хүссэн талаар өмнө нь Financial Times сонин мэдээлсэн юм.