Хүүхдийн эмч, сувилагч дутагдалтай байгаагаас эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна

Үйл явдал

Жил бүрийн өдийд амьсгалын замын халдварт өвчний тархалт нэмэгдэж хүүхдийн эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрдэг. Олон цаг бага насны хүүхэдтэйгээ оочерлосон эцэг эхчүүд ч хатуухан шүүмжлэлийг ч эрүүл мэндийн байгууллагууд руу чиглүүлж байна. Жил бүр хүүхдийн өвчлөл нэмэгддэг 3, 4 сард бэлтгэж, үйл ажиллагаагаа эртнээс зохион байгуулалтад оруулж болохгүй юу гэдэг асуултыг эмнэлгийн удирдлагуудад манай сэтгүүлч тавилаа. Тэд шөнийн 00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа ч хамгийн гол бэрхшээл нь хүний нөөц гэдгийг эмнэлгийн дарга нар нь хэлж байна.

Дүүрэг бүрт хүүхдийн хүлээн авах, хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори хэд дахин нэмэгдүүлсэн хүчин чадлаараа ажиллаж байна.

Тухайлбал, 120 ортой БГД-ийн хүүхдийн эмнэлэгт одоо 300 орыг зөвхөн хүүхэд хүлээн авахад зориулан дэлгээд байна. Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн хэсэгтээ хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг болгон зохион байгуулаад байна. Жил бүрийн энэ үед хүүхдийн өвчлөл эрчимтэй нэмэгддэг энэ байдалд эрүүл мэндийн байгууллага урьтаж арга хэмжээ авдаггүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ асуудалд БГД-ийн ЭМТ-ийн дарга дараах тайлбарыг өгч байна. 

Хүүхдэд эмч сувилагч бүр эмчилгээ хийх боломжгүй. Нарийн мэргэшсэн хүн тариа тарьж, цээж чагнадаг болохыг эмнэлгийн удирдлагууд учирлаж байна. БГД-ийн хувьд амбулатори болон өрхийн эмнэлгээ уртасгасан цагаар ажиллуулж байгаагаас гадна хүлээн авахаар ирсэн хүндэрсэн хүүхэд бүрийг буцаалгүйгээр эмчилгээнд оруулж байгаа гэлээ. Дүүргийн хэмжээнд хүүхдийн эмнэлгээс гадна ахмадын эмнэлэгт 90 орыг хүүхдэд зориулан гаргажээ.