ОХУ-ын Ерөнхийлөгч Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

Улс төр

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт улсынхаа Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулан, түүхэн гэж хэлж болох шийдвэр гаргалаа.

Владимир Путин Аюулгүйн зөвлөлийн тусгай хуралдааны дараа Украины Зүүн бүсийн нутагт багтаж байгаад 2014 онд тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан Донецк болон Луганскийн БНУ-ын тусгаар байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Донецк Ард улс болон Бүгд Найрамдах Луганкс Ард улсын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрч, энэ дагуу хууль батлан гаргажээ. Украины Донбассын нутаг дэвсгэр дээр байрлах Донецк, Луганскийн БНУ-ууд 2014 онд үүсгэн байгуулагдаж, тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхаглаж, Украинаас салан тусгаарласан юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч эдгээр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, улмаар хоёр улсын тэргүүн нартай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ байгуулахаар тогтжээ. Владимир Путин энэ тухай хууль батлан, улсынхаа Холбооны зөвлөлд хандан Донецк, Луганскийн БНУ-ын эрх баригчидтай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээ байгуулахыг хүсчээ. Түүнчлэн Оросын төрийн тэргүүн Донецк, Луганскийн БНУ-уудтай дипломат харилцаа холбоо тогтоохыг улсынхаа Гадаад хэргийн яаманд үүрэг болгож, мөн Батлан хамгаалах яаманд хандан эдгээр улс орнуудын нутаг дэвсгэрт энхтайван байдал сахихад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг үүрэг болгосон байна.