Нийгэм

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн ачаалал буурсантай холбогдуулан урсгал засвар болон их засварын ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд орчны тоосжилтыг бууруулах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр дорвитой ажлуудыг зохион байгуулж эхэлжээ.

Шахмал түлшний түүхий эд болох миддлингийг бутлах явцад их хэмжээний тоос агаарт дэгдэж ойр орчимд бохирдол үүсгэдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэрийн бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Мөн дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсныг битүүмжлэлтэй болгохоор болжээ. Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах юм. Зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан түлшний үйлдвэр ч энэ технологийн дагуу баригдана гэдгийг салбарын сайд онцоллоо.

Үйлдвэрийн дотор хэсэг болон гадна талбайг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлээд байна.  Ингэснээр хүнд даацын автомашин явахад газрын хөрс эвдэрч тоосжилт үүсэхгүй байх давуу талтай юм. 

Үүнээс гадна гэр хорооллын айл өрхүүдийн ирэх өвлийн хэрэгцээг хангах зорилгоор сайжруулсан шахмал түлшний нөөцлөлтийн ажлыг давхар эхлүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд 52 саравч, 1000 тоннын багтаамжтай дөрвөн агуулахад түлшээ нөөцөлжээ.

“Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн өвөл баруун бүсэд 5 үйлдвэрийн 13  шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн иргэдийн хэрэгцээг хангасан. Энэ жил үйлдвэрлэл явуулахад тулгарсан саад бэрхшээл, алдаа дутагдалд дүн шинжилгээ хийн, ирэх өвөл үйлдвэрийн гэмтэлгүй ажиллах зорилго тавин засварын ажлуудыг эрчимжүүлээд байна. Тухайлбал, үйлдвэр тус бүрт 25 кг-аар савладаг автомат машиныг суурилуулж байгаа юм. Ингэснээр хүний оролцоо буурч, ажлын бүтээмж эрс нэмэгдэх өндөр ач холбогдолтойг онцоллоо.