Нийгэм

Шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр хямдарсан. Харин шатахуун борлуулагч компаниуд муу бензин зарж эхэлсэн талаар иргэд гомдол гаргаж эхэлжээ. Сошиал орчинд ч АИ-92 бензин яг мөн үү гэсэн хардлага түгсэн байна. Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун түгээх станцуудад шалгалт эхлүүллээ. Үнийн дүнд таарсан шатахуун олгож байна уу гэдгээс эхлээд бензиний чанарт лабораторийн шинжилгээ хийхээр болсон байна.

Шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахдаг, чанаргүй бензин худалдан борлуулдаг зэрэг гомдол, санал иргэдээс цөөнгүй ирж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас бензин колонкуудад шалгалт хээхээр болжээ. Шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд түүврийн аргаар шалгалт хийнэ. Ингэхдээ шалгалтын багт иргэдийн төлөөлөл болон сэтгүүлчдийг оролцуулахаа мэдэгдлээ. Шатахууны дээжийг авч төв лабораторид шинжлүүлэх юм байна. 

Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ 50-330 төгрөг хүртэлх төгрөгөөр буурсан. Цаашид шатахууны үнийг буулгах асуудлаар Уул уурхайн яам, Газрын тосны ашигт малтмалын газар судалж байгаа гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ. Харин шатахууны үнэ буусан байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгах тал дээр үнийн мэдээллийг цахим орчинд ил тод мэдээлэхийг иргэдэд уриаллаа. 

Хяналт шалгалтыг өнөөдрөөс эхлүүлж байгаа гэлээ. Шалгалтын үр дүнг ирэх 7 хоногт иргэд, олон нийтэд ил болгох юм байна.