“Хижаб” өмссөн охидыг хичээлд нь суулгахгүй гэсний улмаас тэд эсэргүүцэл зарлажээ

Credit: Aljazeera

Үйл явдал

Энэтхэг Улсын Карнатака мужийн Удупи дүүргийн охидын коллежид сургуулийн дүрэм журам сурагчдын шашны ёс заншил, онцлогтой харшилдсан тохиолдол гарч, цахимд иргэд дуу хоолойгоо өргөх шалтгаан боллоо.

Тухайлбал дээр дурдсан сургуулийн дөрвөн эмэгтэй сурагч хичээлийн танхимд хижаб (Муслим шашинтай эмэгтэйчүүд хүзүү толгойгоо хаасан алчуур ороох ёстой байдаг ба үүний нэршил) өмсөх хориотой гэсний улмаас коридорт хичээллэж байна.

Сургуулийн захиргаанаас хижаб нь дүрэмт хувцасны нэг хэсэг биш учраас заавал зүүхгүй байх ёстой гэжээ. Харин сурагчдын зүгээс тэдний шашны онцлогийг хүндлэх нь зөв гэж үзсэн байна.

Үүнээс гадна ангийнх нь сурагчид болон багш нь тэднийг “зүгээр л хижабаа аваад хичээлдээ суухад юу нь асуудалтай байгаа юм бэ” гэсэн нь охидод таалагдаагүй гэнэ.

Охид өнгөрсөн 12-р сарын 31-нээс хойш эсэргүүцэл зарлан хижабтайгаа коридорт хичээллэж байгаа юм.

Сургуулийн захиргаанаас эдгээр өдрүүдэд охидыг хичээл тасалсан гэж тэмдэглэж байна. Энэ талаарх мэдээлэл олон улсын сайтуудад хандалт өндөр байгаагаас гадна хоёр талтай асуудал болоод байна гэж мэдээллээ.

Зөвхөн энэ сургуульд ч бус, олон газар ийм төрлийн асуудал тулгардаг талаар иргэд саналаа солилцсон байна. Охидын нэг нь энэ асуудлын улмаас сэтгэлзүйн хямралд орсон талаар эх сурвалжид онцлон мэдээлжээ.